ТАНИН МЭДЭХҮЙ


МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДАЛБАА, СҮЛД 20-Р ЗУУНД

Дэлхийг өөрчилсөн 12 тэгшитгэл

 

Хүн төрөлхтнийг өөрчилсөн бүтээлүүд

1. Бичиг үсэг
Хүн төрөлхтөн балар эрт цагаас мэдээлэл дамжуулах аргуудыг хайж байжээ. Эртний хүмүүс янз бүрийн хэлбэрээр, тухайлбал нугалсан модны мөчир, түүдэг галын утаа, сум харвах зэргээр мэдээлэл солилцдог байв. Харин манай эрин эхлэхээс ойролцоогоор 4000 жилийн өмнө бичиг үсгийн анхны хэлбэр гарч хүн төрөлхтний хөгжилд эргэлт гарсан байна.

2. Ном хэвлэх суурь машин
Ном хэвлэдэг анхны суурь машиныг 15 дугаар зууны дунд үед Германы зохион бүтээгч Иоган Гутенберг бүтээжээ. Түүний ачаар дэлхий дээр анхны Библ судар хэвлэгдэн гарсан билээ. Гутенбергийн бүтээл нь Сэргэн мандалтын үеийг эхлүүлэх “ногоон гэрлийг” асаасан юм.

3.Цемент
Чухам энэ материал нь барилгын салбарын түүхэнд хувьсгал болсон билээ. Эртний барилгуудыг бат бөх байлгахын тулд янз бүрийн арга хэрэглэдэг байжээ. Харин хятадууд Цагаан хэрмийг босгохын тулд   шохой хольсон наалдамхай цагаан будааны агшаамал ашигласан байна. Дөнгөж 19 дүгээр зуунд барилгачид цемент бэлтгэж сурчээ. 1822 онд Оросын зохион бүтээгч Егор Чилиев шохой, шаврын холимогоор цементийг бий болгосон байна. Үүнээс хоёр жилийн дараа Английн зохион бүтээгч Д.Аспинд цемент бүтээсний зохиогчийн эрхийг авчээ. Материалыг өнгө болон бат бэх чанараараа цементтэй төстэй чулуу болох портландцемент олборлож байсан Английн хотын нэрээр нэрлэхээр шийдсэн байна.

4. Микроскоп /бичил дуранбай/
Хоёр томруулдаг шилтэй анхны микроскопыг 1590 онд Холландын нүдний эмч З.Янсен зохион бүтээжээ. Гэхдээ  бичил биетийг Холландын байгаль судлаач Антони ван Левенгук өөрийнхөө зохион бүтээсэн микроскопоор анх харсан байна. Тэрбээр худалдаачин байхдаа өнгөлөгч хийж сураад, нянгийн хэмжээг 300 дахин томруулдаг маш нямбай өнгөлсөн шилийг микроскопонд суурилуулжээ. Тэрбээр усны дуслыг микроскопоор харсныхаа дараа зөвхөн цай, дарс уудаг болсон гэдэг домог байдаг.

5. Цахилгаан эрчим хүч
Саяхныг хүртэл хүн төрөлхтөн хоногт  10 хүртэл цаг унтдаг байсан бөгөөд цахилгаан эрчим хүч бий болсноор хүмүүсийн орондоо өнгөрүүлэх цаг нь багассан билээ. Анхны цахилгаан чийдэнг бүтээсэн Томас Альва Эдисоныг цахилгааны хувьсгалыг хийсэн гэж үздэг.

6. Телефон утас
Шууд л гайхамшгийн гайхамшиг гэгдэх болсон анхны телефон утсыг Бостоны алдартай зохион бүтээгч Белл Александр Греем
зохион бүтээжээ. 1876 оны гуравдугаар сарын 10-нд эрдэмтэн хүлээн авалтын станцаар туслагч руугаа залгахад "Ноён Ватсон та хурдан ирээч би тантай яаралтай ярилцмаар байна" гэж хэлэх нь харилцуураар маш тод сонсогджээ. Белл удалгүй зохиогчийн эрх авч, хэдэн сарын дараа бараг бүх айл утастай болсон байв.

7. Зургийн аппарат болон кино
Дүрс дамжуулах чадалтай төхөөрөмж бүтээхийн тулд үе үеийн эрдэмтэд хөдөлмөрлөж байлаа. 19 дүгээр зууны эхээр Францын зохион бүтээгч Жозеф Ньепс дүрсийг сайн ялгадаггүй камераар өөрийн урлангийн цонхноос харагдах дүрсийг төмөр хавтан дээр дүрслэн буулгажээ. Харин Луи-Жак Манд Дагер 1837 онд түүний бүтээлийг сайжруулсан байна.

Мөн зохион бүтээгч Том Эдисон хүн төрөлхтөн кинотой танилцахад үнэлж баршгүй хувь нэмрээ оруулжээ. Тэрбээр 1891 онд хөдөлгөөнтэй зургийг үзүүлдэг кинетоскоп гэдэг аппаратыг зохион бүтээсэн байна. Чухам энэ аппарат нь ах дүү Люмерийг кино бүтээхэд зоригжуулжээ. 1895 оны арванхоёрдугаар сард Парисын Капуцинов гэдэг гудамжинд анхны киног үзүүлсэн гэж үздэг.

8. Радио хүлээн авагч
Радио хүлээн авагчийг хэн түрүүлж зохион бүтээсэн талаар өнөөг хүртэл маргалдсаар байгаа билээ. Анхны радио хүлээн авагчийг Оросын зохион бүтээгч Александр Попов зохион бүтээсэн гэдэгтэй шинжлэх ухааны салбарынхны дийлэнх нь санал нэгддэг байна. Тэрбээр 1895 онд утасгүй цахилгаан мэдээний аппаратыг нийтэд танилцуулсан бөгөөд дэлхий нийтэд "Генрих Герциг" хоёрхон үгтэй радио мэдээг дэлхий нийтэд илгээжээ.

9. Зурагт радио
Олон зохион бүтээгчийн хүчин чармайлтын дүнд телевизор бий болж улам боловсронгуй болсон билээ.  Тэдгээр хүмүүсийн нэг нь Петербургийн Технологийн их сургуулийн профессор Борис Львович Розинг юм. Тэрбээр 1911 онд дүрсийг электрон туяаны хоолой ашиглан шилэн дэлгэцэн дээр үзүүлсэн байна. Харин 1928 онд Борис Грабовский зайнаас хөдөлгөөнтэй дүрсийг дамжуулах аргыг олжээ. Жилийн дараа АНУ-д Владимир Зворыкин гэдэг хүн кинескопыг зохион бүтээсэн бөгөөд хожим нь түүнийг сайжруулан телевизорт  хэрэглэх болжээ.

10. Интернэт
Дэлхийн нийтийг хэрсэн аалзны торыг 1989 онд Британийн зохион бүтээгч Тимоти Жон Бернерс-Ли “сүлжжээ”. Анхны вэб-сервер, вэб хуудас, вэб браузерыг зохин бүтээгчид цаг тухайд нь өөрийн бүтээлээ патентжуулсан бол дэлхийн хамгийн баян хүн болох байсан биз ээ. Харин Интернэтийг зохион бүтээсэн хүн нь Рыцарын титэм болон Британийн хааны одон хүртэн, 1 сая еврогийн технологийн шагнал авчээ.

 

Дэлхийг өөрчилсөн бизнес санаа

Шинэ бизнесийн санаа олох хэцүү ч олсон хойноо үүнийг ажил хэрэг болгох хамгийн хэцүү гэдэг. Харин бизнесийн санаагаа хамгийн амжилттай хэрэгжүүлж чадсан санаачлагчдыг “Fortune” сэтгүүлийнхэн нэрлэжээ. Хэрэв тэд санаагаа хэрэгжүүлээгүй бол өнөөдрийн бизнесийн өнгө төрх ч ондоо байх байсан биз.

АЖЛААС НЬ ХАЛУУЛСАН БИЗНЕСИЙН САНАА

Жэфф Безос даргатайгаа хамт Нью-Йоркийн “Central” паркт үдийн хоолоо идэж байхдаа бизнес мөрөөдлөө хуваалцжээ. Тэрбээр 1992 онд Нью-Йоркийн хөрөнгө оруулалтын “D.E.Shaw” сангийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байв. Даргадаа тэрбээр интернэтээр ном борлуулах нь түүний шинэ мөрөөдөл гэдгийг дуулгахад дарга нь “Үнэхээр сайхан санаа байна.

Гэхдээ чам шиг өндөр цалинтай албан тушаалтанд бус арай доод зэрэглэлийн хүнд бол энэ санаа шилдэг гэж болох юм” хэмээжээ. Эндээс мөрөөдөгч, мөрөөдлийг биелүүлэхийг зоригч хоёрын ялгаа гарч ирж буй. Дарга нь түүнд ингэж хэлснээс 48 цагийн дараа Жэфф ажилгүйчүүдийн эгнээнд шилжжээ. Харин энэ өдрөөс 18 жилийн дараа тэрбээр “Amazon.com”-ийн үүсгэн байгуулагч, эзэн ноёнтон болсон юм. Үүгээр зөвхөн ном бус бараг бүх бараа бүтээгдэхүүнийг худалдан авч болдог болж зах зээлийн үнэлгээ нь 80 тэрбум ам.долларт хүрсэн байна. Түүний ажлаасаа халагдах шийдвэр нь 56.2 мянган хүнийг шинэ ажлын байраар хангах үндэс нь болсон аж.

 

ЗАХ ЗЭЭЛИЙН СУДАЛГААНААС ТАТГАЛЗСАН АЛИМ

“Инновацийн бизнес эрхэлж буй үед хэрэглэгчдийн юу хүсч байгааг үйлдвэрлэгчид мэдэх боломжгүй. Учир нь хэрэглэгчид ч өөрсдийнхөө юу хүсч байгааг мэддэггүй” хэмээн “Apple”-ийн үүсгэн байгуулагч Стив Жобс хэлсэн байдаг. Түүнийг “Macintosh” маркийн компьютерээ зах зээлд танилцуулсан 1976 онд “Popular Science”-ийн сэтгүүлч түүнээс зах зээлийн судалгаа хийсэн эсэхийг асуухад тэрбээр “Александр Грахам Бэлл анхны телефон утсыг зохион бүтээхдээ зах зээлийн судалгаа хийсэн болов уу” хэмээн амыг нь таглажээ. Үүнээс үзэхэд тэрээр зах зээлийн судалгаа хийх болон бизнесийн талбараа хязгаарлах нь шинэ санаа, шинэ бүтээгдэхүүнийг дөнгөлж орхидог гэдгийг сайтар ухаарсан нэгэн байж. Өөрөөр хэлбэл, эрсдэлээс огт айдаггүй бөгөөд түүний хувьд зах зээлийн судалгаа буюу бүтээгдэхүүний амьдрах чадвар нь бүтээгдэхүүний шинэлэг байдал гэж ойлгодог байсан гэнэ. Тэрээр 63.3 мянган хүнийг ажлын байраар хангасан нь бараг хоёр сая хүний амь амьдралыг залгуулж өгчээ.

 

ХҮН ТАНИХ УХААНААР ЕРТӨНЦИЙГ ХОЁР УДАА ӨӨРЧИЛСӨН НЬ

“Microsoft” компанийг үүсгэн байгуулагч, тэрбумтан Билл Гэйтс ертөнцийг хоёр ч удаа өөрчилсөн нэгэн. Ертөнцийг өөрчилсөн түүний эхний алхмыг хүн бүр мэднэ. Тэрбээр хүн төрөлхтөнд компьютертэй танилцах үүд хаалгыг нээж өгсөн. Харин хоёр дахь алхам нь “Bill & Melinda Gates” сан байгуулж олон нийтийн боловсрол, дэлхийн эрүүл мэндэд санаа тавих болсон нь түүнийг дэлхийн хамгийн өгөөмөр хүнээр  тодруулж магадгүй болоод буй. Түүний бизнесийн амжилтын гол нууц юунд оршдог талаарх асуултад тэрбээр “Маш амархан шүү дээ. Хамгийн ухаалаг хүмүүсийг нэг дор цуглуулан хамтарч ажиллах нь миний амжилтын чухал жор. Томоохон асуудлыг ухаалаг цөөн хүнээр шийдэх нь хамгийн төгс шийдэл гэдгийг олон орны төрийн зохион байгуулалтаас харж болно. Хамгийн энгийнээс бүх зүйл эхэлдэг” хэмээжээ.

 

ЗӨВХӨН ДЭЭД ЗЭРЭГЛЭЛИЙН МЕНЕЖЕРТ ИТГЭ

Ложистикийн эцэг хэмээгддэг “FedEx” компанийг санаачлагч Фрэд Смит зөвхөн дээд зэрэглэлийн менежертээ л итгэдэг. Тэрээр Вьетнамд дайтаж явахдаа “Federal Express” буюу “Холбооны буухиа шуудан” компанийг байгуулах санаагаа олсон гэдэг. Учир нь тэрээр 1967 онд тэнгисийн явган цэрэгт салааны захирагч, 1969 онд агаарын хүчинд алба хаажээ. Энэ үедээ тэрээр шуудан, харилцаа холбоо, тээвэрлэлт гээд олон зүйлийг олж харсан бөгөөд үүнийгээ зөвхөн цэргийн бус иргэний зориулалтаар ашиглаж болохыг хамгийн түрүүнд ойлгосон байна. “Би бизнесийнхээ амжилтын гол нууцыг Вьетнамд алба хаахдаа олж мэдсэн. Тэнгисийн явган цэргүүдийг нисдэг тэрэг тодорхой цэгт буулгаж, өөр нэг тодорхой цэгээс авдаг. Хэрэв хэдэн секунд л хоцрох юм бол амиа алдах эрсдэлтэй” хэмээн Фрэд тайлбарласан байдаг. Харин яагаад зөвхөн дээд зэрэглэлийн менежерт компаниа даатгах ёстой талаар Фрэд “Тэнгисийн явган цэрэгт байхад олон ч цэрэг амиа алдсан. Гэхдээ дайны гол баатар нь хэзээ ч генерал, адмирал, хурандаа нар байдаггүй. Байлдагч нар л гол баатар нь байдаг юм” хэмээн товч хариулжээ.

 

ГАРААШТ МЭНДЭЛСЭН МЭРГЭН САНАА “GOOGLE”

Сергей Брин болон Ларри Пэйж нар АНУ-ын Калифорнийн Менло Паркийн жижигхэн байшингийн гараашт “Google” корпорацийг эх барьж авчээ. Ларри Пэйж “Интернэтэд буй бүх мэдээллийг нэг компьютерт багтаачихвал сайхан аа” гэж бодсон нь олон тэрбумын орлого, 32.5 мянган ажиллагсадтай нүсэр корпорацийн эхний эс нь байсан юм. Өнгөрсөн оны сүүлийн улиралд “Google”  10 тэрбумаас хол давсан орлоготой болсон нь анхны тохиолдол байлаа. Хүмүүсийн өдөр бүр ашигладаг вэб сайтаар “Google” тодорч, өдөрт 2.5 тэрбум хайлт хийдэг нь тогтоогджээ. “Google’-ийн үүсгэн байгуулагчдын хэлснээр тэд өнгөрсөн гурван жилийн судалгаа шинжилгээнд багаар бодоход 12 тэрбум ам.доллар зарцуулсан байна.

 

ӨНӨӨДРИЙН МӨНГИЙГ МАРГААШИЙН ОРЛОГЫН ТӨЛӨӨ ЗОЛИОСЛО

1974 онд Нараяна Мүрти 28 настай инженер залуу байв. Тэрбээр Энэтхэгээр галт тэргээр аялахдаа хамт явсан зорчигчтой коммунизмын сул талыг ярьж “том ам” болсныхоо төлөө галт тэрэгнээс шидэгдэж, харанхуй өрөөнд олон хоног хоригдсон гэдэг. Эцэст нь түүнийг Туркийн Истамбулд аваачиж хаяжээ. Эндээс эхлээд тэрбээр коммунистуудын эсрэг тэмцэхээр хатуу шийдсэн байна. Гэхдээ улс төрийн аргаар бус бизнесийн аргаар, ялангуяа капитализмыг ухуулж коммунистуудын эсрэг босохоор шийдсэн хэрэг. Тиймээс тэрбээр “Infosys” компанийг байгуулан 21 жилийн турш гүйцэтгэх захирлаар нь ажилласан байна. Уг компани өнөөдрийн байдлаар жилд зургаан тэрбум ам.долларын борлуулалттай төдийгүй 150 орчим мянган ажилтан, 32 тэрбум ам.долларын үнэлгээтэй. Түүний бизнесийн гол нууц нь “Өнөөдрийн мөнгийг маргаашийн орлогын төлөө золиослох”

 

 

 

Дэлхийн алдарт 10 эмэгтэй

   Хүн бүр эдгээр эмэгтэйчүүдийг мэднэ. Тэдний тухай домог ярьж, ном бичиж бас кино хийдэг. Яагаад гэвэл тэд амьд байх хугацаандаа өөрийн мэргэн ухаан, гоо үзэсгэлэн болон ялалт, тэвчээр зоригоороо бусдыг байлдаан дагуулж эрчүүдийн удирддаг энэ хорвоо ертөнцийг өөрчлөхөд үнэтэй хувь нэмэр оруулж чадсан юм. Ирээдүйд ч тэдний тухай гайхалтай ярианууд яригдан хийсэн бүхнийг нь санан дурссаар байна гэдэгт итгэлтэй байна.

 

Клеопатра

2000 жилийн турш алдарт Клеопатра хатны тухай цуу яриа яригдаж түүний мэргэн ухаан, холч бодлыг бахдан байдаг. Тэр гоо үзэсгэлэн бас эрх мэдлийн бэлгэ тэмдэг болж олон эмэгтэйчүүдийн үлгэр дууриалал болон түүхэнд мөнхөрчээ.

 

Елена

Атрей Менелайгийн сүйт бүсгүй Елена бол энэ жагсаалтанд яалтачгүй багтах эмэгтэйчүүдийн нэг юм. Түүний гоо үзэсгэлэн домогт Трой хотыг ч сүйрүүлж чадахаар тийм их хүчтэй байжээ.

 

Жанна д’Арк

Жанна д’Арк -энэ бол эр зоригийн дуулал. 100 жилийн турш үргэлжилсэн Францын алдарт дайны (1337-1453) гол баатар нь яалтачгүй Жанна д’Арк билээ. Судлаачдын үзэж байгаагаар “Орлеаны бүсгүй” -н сэтгэлзүйн бэлтгэл нь Английн эсрэг тулалдах хамгийн хүчтэй зэвсэг нь байж чаджээ.

 

Индира Ганди

Энэтхэг улсын түүхэнд Индира Ганди зөвхөн анхны тэргүүн хатагтай болоод зогсохгүй дэлхийн эв нэгдэл, найрамдлын төлөө ихийг бүтээж чадсан хүний хувьд дэлхийн хаана ч түүнийг хүндэтгэдэг юм.

 

Елизавета II

Ерөнхий сайд нар ар араасаа солигдож, дайн ар араасаа цуварч, том гүрнүүд устаж, дэлхийн газрын зураг тэр чигээрээ өөрчлөгдөж байхад Британы хатан хаан болох Елизавета II-ийн монархийн систем ямар ч өөрчлөлтгүй байж байлаа.

 

Маргарэт Тэтчэр

Маргарэт Тэтчэр улс төрийн албан тушаалд 11 жил байх хугацаанд Их Британы эдийн засгийн өсөлт өмнөх 10 жилтэй харьцуулбал 3-4 дахин өндөр байж аж үйлдвэрийн орны хувьд дэлхийд Японы дараа хоёрт жагсдаг байв. Тэрээр дэлхийн түүхэнд “Төмөр хатагтай” нэрээр алдаршсан юм.

 

Тэрэза эх

Түүний гэгээн дүр, энэрэнгүй сэтгэлийн талаар хүн бүр мэдэх байх. Тэрэза эх нь Католик сүмийн гэлэнмаа, “Бурханы хайрыг тунхаглагч цуглаан”-ыг үүсгэн байгуулагчаар дэлхийд танигдсан юм. Ядуу, зовж ядарсан хүмүүсийн төлөө түүний хийсэн ажлууд нь өндрөөр үнэлэгдэж, 1973 онд Темплтон шагнал, 1979 онд Нобелийн шагнал, 1980 онд Энэтхэгийн төрийн дээд шагнал гэх мэт олон шагнал хүртсэн юм.

 

Диана гүнж

Их Британы ард түмний хувьд зүрх сэтгэлийнх нь гүнж болж чадсан Диана гүнжийг үхэл ч олны хайраас хагацуулж чадаагүй билээ.

 

Коко Шанель

20 -р зууны загварын ертөнцөд хамгийн тод ул мөрөө үлдээж чадсан эмэгтэй бол яалтачгүй Габриель Бонёр Шанель юм. Тэрээр эмэгтэйчүүдийн хувцаслалтанд хувьсал хийж: богино үсний тайралт, алдарт жижиг хар даашинз болон үнэртнүүд нь High fashion -ний ертөнцөд хамгийн шинэлэг содон байж Times сэтгүүл түүнийг 20-р зууны хамгийн нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтанд оруулсан юм.

 

 

Мэрлин Монро

Амьдралаас оньсого мэт алга болсон Мэрлин Монро бүсгүй. Түүнийг өнгөрснөөс хойш 30 жилийн дараа ч ном, ишлэлүүд нь дэлхийн кино ертөнцөд яригдсаар л байна. Тэгэхээр Монро зүгээр нэг гоо үзэсгэлэнгийн бэлгэ тэмдэг байгаагүй юм.

 

 

Хүн төрөлхтний түүхийг өөрчилсөн 10 ном

1. Хувьслын онол /On the Origin of Species by means of natural selection/

Органик хувьслын эцэг хэмээн нэрлэгддэг Английн натуралист, биологич Чарльз Дарвин амьд бие буюу амьдралын хөгжлийн тухай шинжлэх ухааны анхны баримт нотолгоотой хариулт өгсөн эрдэмтэн юм. Түүний1859 онд хэвлэгдсэн дээрх бүтээлд хувьслын шалтгаан болох байгалийн сонгон шалгарлын тухай учрыг тайлбарлаж өөрийн таамаглалаа баталж чадсанаараа хүн төрөлхтний өмнө онцгой гавьяа байгуулсан билээ.Байгалийн шалгаралд дасан зохицож чадсан нь амьд үлдэж чадаагүй нь мөхөж алга болох жамтай гэж тэрбээр үзжээ. Дарвины нээлт нь дэлхий ертөнцөд хүний эзлэх байр суурийн тухай хүн төрөлхтний үзэл бодлыг бүхэлдээ өөрчилсөн гайхамшигт бүтээл юм.

 

2. Том авгын овоохой /Uncle Tom's Cabin/

Америкийн алдарт зохиолч эмэгтэй Гарреиет Бичер Стоу "Том авгын овоохой" зохиолоо 1852 онд гарсан бөгөөд хэвлэгдсэн эхний долоо хоногтоо 10 мянган ширхэг, эхний жилдээ 300 мянган ширхэг хувь борлогдон дуусч байсан түүхтэй. Тухайн үед хар арьстнууд боолчлогдож байсан учир тэдний эрх чөлөөний асуудлыг хөндсөн нь тун зоримог алхам байжээ. Хэдийгээр зохиолд боолчлолыг эсэргүүцсэн хүчтэй шүүмжлэл гардаггүй ч нэгэн хар арьст боолын сэтгэл өвтгөм амьдралыг нүдэнд харагдтал дүрсэлжээ. Ийнхүү АНУ-д боолчлолын эсрэг үзэл санаа бэхжихэд тус зохиол чамгүй хувь нэмэр оруулсан гэж үздэг юм.

 

3. Коммунист намын тунхаг /The Communist Manifesto/

Карл Маркс болон Фридрих Энгельс нарын хамтран бичиж 1848 онд хэвлүүлэн гаргаж байсан уг бүтээл бол Коммизмын үндэс суурь, Коммунист намын тунхаглал билээ. Коммунист намын тунхаг бүх цаг үед гарч байсан хамгийн нөлөө бүхий улс төрийн холбогдолтой бүтээл юм. Карл Маркс түүхийг феодализмас капитализм руу, капитализмаас социализм руу шилжих хувьсгал байсан гэж тайлбарладаг. Ерөнхийдөө ажилчин анги нийгмийг удирдах социалист улсын гол "гарын авлага" гэж хэлж болох бүтээл билээ.

4. Эмэгтэйчүүдийн эрхийг зөвтгөх нь /The Vindication of the Rights of women/

Эмэгтэйчүүдийн эрх чөлөөний тухай ам ч нээх эрхгүй үе буюу 1792 онд Английн зохиолч, философич Мэри Уолстонкрафт "Эмэгтэйчүүдийн эрхийг зөвтгөх нь" нэртэй ном гаргасан нь тухайн үедээ ихээхэн шуугиан тарьж байжээ. Тэрбээр эмэгтэйчүүд боловсрол эзэмшиж, эдийн засгийн үйл ажиллагаа эрхлэх, сонгуульд саналаа өгөх эрх гэдэг байр суурийг тууштай баримталж байсан аж. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тэгш эрхийн талаарх түүний үзэл тухайн үедээ мөрөөдөл төдий байсан ч эцсийн дүндээ энэ нь феминизмийн тулгын чулуу болж өгсөн юм.

5. Хүний эрх /The Rights of Man/

Томас Пейний 1791 онд бичсэн "Хүний эрх" ном нь чухамда Францын хувьсалын гол хөшүүрэг байсан гэж үздэг. Мөн Томас Пейний бичсэн "Эрүүл ухаан", "Америкийн хямрал" зэрэг номнууд Засгийн газрын үүсэл ба загвар, Английн үндсэн хуулинд хийсэн хамгийн том дүн шинжилгээ бүхий ном билээ. Түүний гарган тавьсан гол санаа бол аливаа засаглал хүний эрх, эрх чөлөө, улс орны ашиг сонирхлыг хамгаалж чадахгүй бол цэргийн засаглал аль эсвэл нэг хүний дангаар ноёрхох хаант засаглал болж хувирна гэжээ.

 

6. Үндэстнүүдийн баялаг /The Wealth of Nations/

Шотландын эдийн засагч, философич Адам Смитийн 1776 онд гаргаж байсан "Үндэстнүүдийн баялаг" хэмээх ном нь чухамдаа эдийн сонгодог онолын суурь болсон төдийгүй өнөөдрийн чөлөөт эдийн засгийн асуудлыг шийдвэрлэхэд үнэтэй хувь нэмэр оруулжээ. Тэрбээр уг номондоо меркантализмыг эрс үгүйсгэж чөлөөт худалдаа, чөлөөт эдийн засгаар дамжуулан нийгмийн баялгийг бүтээж болно гэсэн санааг гарган тавьжээ. Тодруулбал, хүн бүрийн ашиг хонжоо хайсан эдийн засгийн үйл ажиллагаа нь эцсийн дүндээ нийгмийн баялгийг бүтээдэг гэсэн санаа юм. Энэ бол өнөөдрийн бидний нийгмийн, зах зээлийн эдийн засгийн үндсэн зарчим билээ.

7. Ханхүү /The Prince/

Улс төрч, дипломатч Николь Макиавеллигийн улс төрийн талаар бичсэн хамгийн алдартай бүтээл бол "Ханхүү" ном юм. Гэвч эл бүтээлийг түүнийг нас барсны дараа хэвлэн гаргажээ. Уг бүтээлд эрх мэдлийг хэрхэн олж авах, хадгалан үлдээх аргыг маш нарийн, дэлгэрэнгүйгээр тайлбарлажээ. Ханхүү номонд гардаг аргууд нь туйлын башир, бохир учраас ийм улс төрд ийм төрлийн арга хэрэглэхийг "махивилик" хэмээн нэрийддэг байна. Гэвч тухайн цаг үед бичигдэж байсан улс төрийн сэдэвт зохиолуудаас тэс өөр үзэл баримтлал, философийг гаргаж ирсэн учраас уншихгүй өнгөрч болохгүй зохиолын тоонд зүй ёсоор багтдаг.

8. Библи /The Bible/

Библийг Христийн шашны гол номлол, бурхны дамжуулсан үг хэмээн үздэг бөгөөд хамгийн анхны ном МЭӨ 1400 оны үед бичигдэж эхэлсэн ба сүүлийн номыг МЭ 100 онд бичиж дуусгажээ. Гэхдээ библи дан ганц ном бус олон номнуудын цуглуулга бөгөөд 1500 жилийн хугацаанд 40 гаруй хүний гараар бичигдсэн байна. Библи нь хуучин гэрээ, шинэ гэрээ гэсэн хоёр хэсгээс бүрдэх аж. Дэлхий дээр хоёр тэрбум орчим хүн христийн шашин шүтдэг ба хамгийн өргөн тархсан шашинд тооцогддог билээ. Харин Библи нь дэлхийн хамгийн олон хэл дээр буюу 600 орчим хэл дээр бичигдсэн байдаг гэнэ.

 

9. Төр улс /The Republic/

Эртний Грекийн Философийн ноён оргилын нэг хэмээгддэг Сократын шавь Платоны "Төр улс" хэмээх зохиолыг цөөн үгээр тайлбарлах тун бэрхтэй. Товчхондоо бол Шшударга ёс, улс төр, нийгэм гэж юу болох талаар хамгийн анх хариулт өгөхийг оролдсон сэтгэгч юм. Тэрбээр нийгмийг бүрдүүлэгч анги давхрага бүр өөр өөрийн үүргийг биелүүлж байх ёстой гэж үздэг байжээ. Түүний үзлээс улбаалан шавь Аристотель "Улс төр" хэмээх зохиолоо туурвисан бөгөөд Платон бол өнөөгийн нийгмийн бүтэц, төр улсын талаарх ойлголтыг үндэслэгчийн нэгд зүй ёсоор багтдаг билээ.

 

10. Дайтахуйн урлаг /The Art of War/

Эртний Хятадын цэргийн алдартай жанжин Сүнз одоогоос 2000 гаруй жилийн өмнө цэрэг дайны стратегийн тухай өгүүлсэн "Дайтахуйн урлаг" номыг бичиж байжээ. Харин эдүгээ цагт үүнийг "өрсөлдөөн"-ий тухай өгүүлсэн хамгийн эртний бүтээл гэж үздэг. Сонирхуулахад АНУ-ын цэргийн бааз байрлаж байсан Сувдан эргийг эзэлж авах төлөвлөгөөг боловруулж байсан японы офицер Ямамото, Хятадын удирдагч Моа Зэдун зэрэг хүмүүс Сүнзийн сургаалиас суралцан, төлөвшсөн гэж бичжээ. Анх 1772 онд Франц хэл дэээр, 1910 онд Англи хэл дээр орчуулагдан гарч байсан аж.

 

Сансар Огторгуй Танин Мэдэхүй
 
Хүн төрөлхтөн 1957 онд Зөвлөлт улс Спутник 1-ийг хөөргөснөөс хойш сансар ертөнцийг судалсаар байгаа билээ. Тэр цагаас хойш техник, технологи хөгжлийн ачаар бид нарны системийн зах хүртэл аялаж, Дэлхийтэй ойр орших сансарын биетүүд рүү хүрч, зургийг нь авч судласаар байна. Одоогоор даалгавараа гүйцэтгэж байгаа 7-н хөлгийн тухай дурьдая.

1. Нью Хорайзонс
2006 оны 1 сарын 16-нд НАСА-гийн хөөргөсөн хөлөг өөрийн хүрэх ёстой Дэлхий вандаа хүрч амжаагүй байна. Хөлөг маань 5 тэрбум км аялаж 2015 оны 7 сарын 14-нд хөлдүү одой гаригт хүрэх төлөвлөгөөтэй байгаа юм. Дэлхий вангийн хажуугаар өнгөрсөний дараа Кайпер белтийн бүслүүрийн обьектууд руу нисэн одох болно.

2. Жуно
2011 оны 8 сарын 5-нд хөөрсөн Бархасбадийн татах хүч болон соронзон оронг судлах зорилготой Жуно хөлөг 2016 оны 8 сард аварга хийн гаригт хүрнэ.

3. Вояжер 1
1977 онд хөөрсөн Вояжер 1 хөлөг нь хүн төрөлхтний бүтээсэн хамгийн хол аялаад буй обьект болсон юм. 19,5 тэрбум км аялаад байгаа уг хөлөг нь одоог хүртэл Дэлхий рүү маш бага хэмжээний дохио илгээсээр байгаа.

4. Даун
НАСА-гийн 2007 оны 9 сарын 27-нд хөөргөсөн Даун хөлгийн зорилго нь солирын бүслүүрт орших том обьектуудыг судлах юм. 2011 онд Даун хөлөг Вестагийн тойрогт орсон бөгөөд зураг, мэдээлэл дамжуулсаны дараа солирын бүслүүрт орших одой гариг Сересийн зүг чигээ өөрчилсөн юм. Даун 2015 оны 3 сарын 6-нд Серест хүрэхээр төлөвлөж байна.

5. Розетта/Филае
Сүүлт одонд хүрсэн анхны хөлөг болоод байгаа Розетта болон түүний газардагч Филае нар нь 2014 оны 8 сарын 6-нд 67п/Шурьюмов-Герасименко хэмээх сүүлт одонд хүрч 2014 оны 11 сарын 12-нд газардагч Филае нь сүүлт одруу илгээгдсэн ба Дэлхий рүү мэдээлэл илгээж байсны эцэст нарны энергийн дутагдалаас болж эрчим хүчгүй болж унтраад байгаа. Розетта хөлөг энэ сүүлт одыг тойрсоор байх бөгөөд наранд ойртоход хэрхэн өөрчлөгдөхийг нь судлахаар зэхэж байгаа юм.

6. Кассини-Хоёгинс
Кассини-Хоёгинс хөлөг 1997 оны 10 сарын 15-нд Дэлхийгээс хөөрч 1 тэрбум км ийн зайд орших Санчир гаригт 2004 оны 7 сарын 1-нд хүрсэн юм. Үүнээс хойш Санчир гаригийн агаар мандал, татах хүч, дагуулуудын талаар судалсаар байна. Хөлөг зөвхөн зураг илгээгээд зогсохгүй газардагч Хоёгинс нь 2005 оны 1 сарын 14-нд эх хөлгөөсөө салж Санчирийн дагуул Титан руу илгээгдсэн. Газардсаны дараа Хоёгинс газардагч Титаны газрын гадаргууны зургийг илгээсний дараа эрдэмтэд Титан метанийн тэнгисээр дүүрэн байдгийг олж нээсэн юм. Кассини хөлөг Санчирийн тойрогт судалгаа хийж мэдээлэл явуулсаар байна.

7. Мэвин
Ангараг гаригийн агаар мандлыг судлах зорилготой МЭВИН хөлөг 2014 оны 9 сарын 22-нд улаан нүдэн гаригийн тойрогт орж Сониуч газардагчын мэдээллийн ашиглан Ангараг гариг өмнө нь зузаан агаар мандал, далай тэнгистэй байсан байх магадлалтайг судлаж байгаа юм.

    7 хоногийн үнийн мэдээ
/2019 оны 11-р сарын 06-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг

1 200

  Хонины мах, кг 7 000
  Үхрийн мах, кг 7 500
  Ямааны ястай мах, кг 6 500
  Элсэн чихэр, кг 2 000
  Цагаан будаа, кг 2 300
  Шингэн сүү, л 1 200
  Тараг, л 1 400
  Бензин, А-80 1 750
  Бензин, А-92 1 840
  Дизелийн түлш 2 370

 Динамик судалгаа 2006-2018

АҮ-н салбар 2012-2018

Хөдөө аж ахуйн салбар 2012-2018

 Боловсрол 2012-2018

Эрүүл мэнд 2012-2018

 Хүн амын үзүүлэлт 2012-2018

 Мөнгө, банк, төсөв 2012-2018

 Хөдөлмөр эрхлэлт 2012-2018

ТА МАНАЙ  installing easiest cool counters  ДАХЬ ЗОЧИН
      2014.01.01-ээс тоолж эхэлсэн.

            

   Та статистик мэдээллийг байнга авч

байхыг хүсвэл ЭНД дарж бүртгүүлнэ үү.