Монгол улсын 3 сая дахь иргэн энэ сард мэндэлнэ.
"Хүн нэмбэл хүнс нэмнэ" гэдэг. Хүн амын тоо нь тухайн улсын дэлхийн тавцанд эзлэх байр суурь, хөгжил дэвшлийн хамгийн томоохон хүчин зүйл билээ.
Монгол улс 1962 оны 10-р сард 1 сая дахь иргэн, 1988 оны 07-р сард 2 сая дахь иргэнээ өлгийдэн авсан түүхтэй. Тэгвэл 2015 оны 1-р сард 3 сая дахь иргэн мэндлэх төлөвтэй байна. Үүнтэй холбоотойгоор Үндэсний статистикийн хорооноос 3 сая дахь иргэнийг тодруулах журмыг гарган мөрдөж эхлээд байна.
3 сая дахь иргэн мэндлэх гэж буйтай холбогдуулан МУ-ын Засгийн газраас 2014 оны 12 сарын 22-ны өдөр "Монгол улсын 3 сая дахь иргэнийг тодорхойлох, алдаршуулах тухай" 400 тоот тогтоол гаргалаа. Тус тогтоолд заасны дагуу МУ-ын төрөөс 3 сая дахь иргэндээ 70 хүртэлх сая төгрөгийн орон сууц эсвэл түүнтэй дүйцэх хэмжээний мөнгөн урамшуулал, 3 сая дахь иргэнтэй нэг өдөр төрсөн чацуутнуудад тус бүр 3 сая төгрөгийн урамшуулал олгохоор боллоо. Мөн аймаг тус бүрт 3 сая дахь иргэнтэй хамгийн ойролцоо цаг минутад мэндэлсэн нэг чацуутныг тодруулж, мөн 70 хүртэлх сая төгрөгийн орон сууц эсвэл түүнтэй дүйцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгох зөвшөөрлийг аймгийн Засаг дарга нарт олгож байгаа юм.
Манай Статистикийн хэлтсийн зүгээс энэ сард шинээр төрсөн хүүхэд бүрийн тоог хугацааны богино давтамжтайгаар аймгийн Эрүүл мэндийн газраас байнга авч Үндэсний статистикийн хороонд мэдээлж эхлээд байна. Эцэг эхчүүд та бүхэн төрсөн болон харъяа эрүүл мэндийн төвүүддээ хандан шинээр төрсөн хүүхдээ тухай бүрт нь бүртгүүлж байхыг сануулъя. Магадгүй Монголын 3 сая дахь иргэн танай гэр бүлд мэндлэхээр ирсэн ч байж болно шүү дээ. Монголын үрс маш олон болох болтугай.
3 сая дахь иргэнийг тодруулах журам
3 сая дахь иргэнийг шагнах тухай
СЭЛЭНГЭ АЙМГИЙН СТАТИСТИКИЙН ХЭЛТЭС
Сэтгэгдэл бичих